НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГАА
“Эс Ай Си Эй” ХХК-ийн судалгааны баг нь RowSquared S.L.-тэй хамтран “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн нөлөөллийн үнэлгээний хүрээнд төсөл хэрэгжсэн 6 аймгийн 1600 өрхийг хамарсан судалгааны мэдээлэл цуглуулалтыг амжилттай гүйцэтгэлээ. “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл” нь ХХААХҮЯ болон Хүнс, хөдөө аж ахуйн олон улсын сан (IFAD)-гийн хамтарсан санхүүжилтээр 2018-2023 онд Монгол Улсын зургаан аймагт хэрэгжсэн ба нүүдлийн соёлтой малчин өрх болон суурьшмал өрхүүдийн ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшнийг сайжруулах үндсэн зорилготой.
Агуулга
Энэхүү судалгааны үндсэн зорилго нь төслийн бодит үр нөлөөг тодорхойлох, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар дахь хөгжил, бэлчээрийн менежмент, орон нутгийн өрхийн амьжиргаанд гарсан өөрчлөлтийг тоон болон чанарын нотолгоонд тулгуурлан үнэлэх юм.
Судалгааны хүрээнд Архангай, Дорнод, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг зургаан аймгийн нийт 1,600 мал аж ахуй, газар тариалан эрхлэгч өрх болон 230 бэлчээр ашиглагчдын бүлгийг хамруулсан ба IFAD‑ийн стандартын дагуу мэдээлэл цуглуулалтыг 100 хувь нүүр тулсан CAPI ярилцлагын аргаар гүйцэтгэсэн. Судалгаанд нүүдлийн болон суурин өрхүүдийг ижил харьцаагаар хамруулсан бөгөөд төсөлд хамрагдсан болон хамрагдаагүй хяналтын бүлгийн өрхүүдийг хамтад нь авч үзэх замаар төслийн бодит нөлөөллийг тооцоолох боломжийг бүрдүүлсэн.
Эс Ай Си Эй ХХК нь RowSquared S.L‑ийн удирдлага дор судалгааны асуулгыг Монгол Улсын нөхцөлд тохируулан сайжруулах, орчуулах, судлаачдын баг бүрдүүлэх, сургалт, урьдчилсан тест, туршилтын судалгаа, талбарын мэдээлэл цуглуулалт, өгөгдлийн хяналт, цэвэрлэгээ зэрэг бүх шатны ажлыг цогцоор нь хэрэгжүүлсэн. Мөн судалгааны төлөвлөлт, талбарын логистик, өгөгдлийн чанарын баталгаажуулалт, тайлагнал зэрэг үйл ажиллагааг олон улсын аргачлалд нийцүүлэн зохион байгуулж, төслийн үр дүнг үнэн зөв, найдвартай тодорхойлох нөхцөлийг бүрдүүлж ажилласан болно.