SICA-гийн хамт олон шинэ жилээр “ХАЙНАН”-д нэгэн удаа

 

Амжилт бүтээл дүүрэн 2018 оноо үдэх шинэ жилийн баяраа бид БНХАУ-н Хайнан арлын Саньяа хот руу хөлгийн жолоо залан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд хамт олноороо дахин давтагдашгүй өдрүүдийг өнгөрүүллээ. Манай компани ололт амжилтаа дүгнэх, байгууллага доторх гэр бүлсэг уур амьсгалыг бүрдүүлэх, залуу хамт олны хувьд газар үзэж нүд тайлах, улс орныхоо ирээдүйг гэгээлэгээр төсөөлөхөд нь хувь нэмэр оруулан тэмдэглэлт баярууддаа ач холбогдол өгсөөр ирсэн билээ. Бид хоёр дахь удаагаа гадаадад шинэ жилээ тэмдэглэсэн бөгөөд энэ удаад бид “Газрын диваажин ХАЙНАН”-д айлчиллаа.

Усан онгоц, дугуй, амьтнаас бусад бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчин зорьсон газраа хүрсэн нь аяллыг маань илүү адал явдалтай болгож байлаа. Эрээн хотын Динозаврын музей, Хөх хотын Шинжлэх ухаан, технологийн музейгээр зочилж түүх болоод ирээдүйн тухай төсөөллүүд, дэлхий ертөнцийн өнөөгийн хөгжлийн нэгээхэн хэсгийг үзэж сонирхсон нь эдгээр бүтээлүүд Монголд байсан ч болоосой гэсэн бодлыг дагуулах шиг.

Ингээд Хайнан… Хөх хотоос 4 цагийн турш Хятадын олон арван хотын шөнийн үзэсгэлэн гоог 10 мянган метрийн дээрээс харах нь үзэмжтэй байсан бөгөөд Дэлхийд утаагаараа тэргүүлэгч хотоос хоёр дахь хамгийн цэвэр агаартай хотод очсон нь энэ юм. Биднийг далайн чийглэг агаар, хэдий өвөл болсон ч +24 градусын халуун угтсан нь -30 градустай газраас ирсэн хүмүүст цочмог байв.

Хамгийн сайхан нь далай, мөн компанийн маань билэгдэл болсон гүн ногоон өнгийн гайхамшгийг тэнд л бид гүн гүнзгий мэдэрлээ. Усан парк, халуун орны диваажин болсон ойн паркийг ч энд дурдахгүй байхын аргагүй. Зориг зүрх шаардсан усан тоглоомууд, уулын оройгоос олсоор буух аялал нь биднийг дараагийн адал явдлаа хайх хүчийг өгч, хүн бүрийн зүрх сэтгэлт гүнээ үлдсэн эдгээр өдрүүд бидний ойр дотно харилцаа, гэгээлэг алсын харааг чиглүүлсэн сэтгэл хөдөлгөмөөр аялал байлаа.