“Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтыг хийж гүйцэтгэлээ

Манай компани нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын захиалгаар “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа” -ны мэдээлэл цуглуулалтын ажлыг 4 дэхь жилдээ 2018 оны 09 сарын 10-наас 12 сарын 13-ны хооронд амжилттай зохион байгуулж, хийж гүйцэтгэлээ. 

Энэхүү судалгааны нь хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны /2019 он/ ажиллах хүчний эрэлтийг ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар тодорхойлж, боловсрол сургалтын, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид , судлаачдыг болон бусад хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зорилготой, өндөр ач холбогдолтой судалгааны ажил юм. 

2019 оны 01 сарын 31-ний өдөр ХНХСИ-с “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны ажлын үр дүнг танилцууллаа.

Судалгааны үр дүнгээс, 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байгаа нь өмнөх оноос 6.9 хувиар агшсан үзүүлэлт юм. Судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 65.2 хувь нь байнгын ажлын байр эзэлж байгаа бөгөөд хөдөлмөрийн зэх зээл энэ хэмжээгээр тэлэх боломжтой байна. 2018 онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс шалтгаалан 18.2 мянган ажиллах хүчний хомсдол бий болсон бөгөөд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар хамгийн ихээр энэхүү хомсдолд өртсөн байна. Ажил олгогчид шинээр ажилтан авч ажиллуулахад хамгийн их тохиолддог бэрхшээлд ажил олгогчдын 22.2 хувь нь ажил хайгчийн ажлын туршлагагүй байдал хамгийн их бэрхшээл болдог гэж үзсэн бол 18.2 хувь нь ажлын байранд тогтвортой ажиллах хүсэлгүй байх, 17.1 хувь нь ажлын байрны орчин нөхцөл, цалин хөлс голдог гэж дурджээ.

Судалгааны зарим үр дүнгээс: 

Судалгаанаас хэд хэдэн зөвлөмжүүдийг тодотгосон ба үүнээс онцолбол:

– Манай улсын хөдөлмөрийн нөөц дэх бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой, мэргэжилгүй, ажлын туршлагагүй залуу ажиллах хүчинд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалт, давтан сургалтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгцээ өндөр байна;

– Ажил олгогчдын хүсэж буй зөөлөн ур чадварыг ЕБС, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтаар эзэмшүүлэх, төлөвшүүлэхэд анхаарах, мөн хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлбэл зохино;

– Жил бүр хөдөлмөрийн зах зээлд шинэ ажлын байрны эрэлт өсөж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн хүрээ нэмэгдэх боломж байгааг харуулж байна;

 

Манай компани уг судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид болон судлаач, ажил горилогчдод нэн шаардлагатай, хэрэгцээт мэдээлэл бий болсон гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү судалгаанд Монгол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 18 салбарын төлөөлөл болсон 2,616 ААН байгууллагыг хамрагдсан бөгөөд бидэнд цаг заваа гарган судалгаанд идэвхтэй оролцсон нийт ААН байгууллагууддаа талархал илэрхийлье.

 

Судалгааны тайлан болон илтгэлтийн танилцуулгыг дараах холбоосоор авна уу http://rilsp.gov.mn/medee190130.php?fbclid=IwAR0t7dJs4D6scsDFS4EkOwCK-wD9u26ObsdD89YP6DL5LicVOxQrtGp1jdM