ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВТ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ 5 ХҮЧИН ЗҮЙЛС

Хэрэглэгчийн зан төлөв нь хэрэглэгчийн худалдан авалт хийх шийдвэр гаргалт болон үйлдэлд нөлөөлөх байдлаараа маш өргөн хүрээнд ангилагдах боломжтой байдаг. Тодорхой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах сонголт хийхэд ямар хүчин зүйлс нөлөөлж буйг ихэвчлэн маркетерууд судалж, шинжилдэг  бөгөөд үүнийг л хэрэглэгчдийн зан төлөв гэж нэрлээд байгаа юм. Хэрэглэгчийн сонголтоо хийх үйл явц дийлэнх тохиолдолд түүний сэтгэл хөдлөл болон хэрэгцээ шаардлагаас хамаардаг гэж үздэг.

Хэрэглэгчийн зан төлөвийг судалснаар зөвхөн өнгөрснийг тодорхойлоод зогсохгүй, ирээдүйг ч таамаглах боломж бүрддэг нь гайхалтай. Дараах 5 хүчин зүйлс нь хэрэглэгчийн худалдан авалт хийх зан төлөвийг ойлгоход тань ихээхэн тус болно гэдэгт итгэлтэй байна.

  1. Маркетингийн компанит ажил буюу зар сурталчилгаа

Хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтад зар сурталчилгаа маш хүчтэй нөлөөлдөг. Чанартай зар сурталчилгаа хийх нь ижил төстэй салбарт өрсөлдөж буй байгууллагуудын зах зээлд эзлэх хувийг санаанд оромгүй байдлаар өсгөж чаддагаараа онцлогтой. Хэрэглэгчид зар сурталчилгаа хүчтэй нөлөөлж чадвал тогтмол хэрэглэж заншсан брендээ өөр нэгээр солих, худалдан авалт хийх шийдвэрийг хормын төдийд гаргах гэх мэт үр дүнд хүргэдэг тул маркетингийн компанит ажилдаа анхаарах нь маш чухал юм. Түүнчлэн хэрэглэгчид эрүүл мэндийн гэх мэт тийм ч их сэтгэл хөдлөлөөр шийдвэр гарган сонгодоггүй бүтээгдэхүүнүүдийг зар сурталчилгааны тусламжтайгаар авах ёстойгоо ухааран худалдан авалт хийдэг шүү дээ.

  1. Эдийн засгийн нөхцөл байдал

Зах зээлд ноёрхож буй эдийн засгийн нөхцөл байдал хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт чухал нөлөөтэй байдаг. Ялангуяа авто машин, орон сууц, тавилга зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авч буй тохиолдолд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал нь бүүр ч ихээр нөлөөтэй болдог. Эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа үед хэрэглэгч санхүүгийнхээ нөхцөл байдлаас үл хамааран илүү олон давтамжтай худалдан авалт хийж байгаа нь ажиглагддаг.

  1. Хувь хүний хүсэл, сонирхол

Тухайн хүний дуртай ба дургүй зүйлс, эрхэм зорилго, зарчим, ёс суртахуун, үнэ цэнэ зэрэг нь хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг зайлшгүй мөн бөгөөд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг онцлогтой. Хувцас, хоол хүнс болон бусад хувийн хэрэглээний бүтээгдэхүүний худалдаалагдах байдал нь хэрэглэгчийн үзэл бодол болон чиг хандлагаас ихэвчлэн хамаарч байна. Эдгээр хүчин зүйлсэд зар сурталчилгаа тодорхой хэмжээнд нөлөөлдөг ч худалдан авалтын шийдвэр гаргах эцсийн мөчид хэрэглэгч өөрийн сонирхол дээр суурилан сонголтоо хийдэг шүү дээ.

  1. Нийгмийн бүлгийн нөлөөлөл

Гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, ойрын хамаатан садан, ажлын хамт олон зэрэг нь хэрэглэгчийн зан төлөвт нэн тэргүүнд нөлөөлдөг бүлэгт тооцогддог бол хоёрдугаарт хөршүүд, танилууд зэрэг орж байна. Тэд нэгнийхээ худалдан авалтын шийдвэрт шууд болон дам байдлаар үргэлж нөлөөлж чаддаг.

  1. Худалдан авах чадвар буюу санхүүгийн байдал

Хэрэглэгч аливаа худалдан авалтыг хийхээсээ өмнө өөрийн нөөц бололцоог ямагт тооцож үзсэн байдаг. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үнэхээр гайхалтай байж болох ч хэрэглэгчийн худалдан авах чадвараас хэтэрсэн үед ихэнх хэрэглэгч өөрт байгаа нөөцөд тохирох сонголтыг хийдэг. Иймд бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхээсээ өмнө хэрэглэгчдийг худалдан авах чадвараар нь сегментчлэн ангилал үүсгэж, ялгаатай сегментэд ялгаатай үнийг санал болго нь илүү сайн үр дүнд хүрэх юм.

 

ТАНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛНӨ – SICA LLC

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй