МЭДЛЭГ: ТҮҮВЭР СУДАЛГААГ ҮР ДҮНТЭЙ ХИЙХ НЬ

Шуурхай бодит мэдээлэл буй болгох хэрэгцээ өнөөгийн нийгэмд ус агаар мэт хэрэгтэй болоод байгаа билээ. Бид ямар нэгэн үзэгдэл, үйл явцын талаар тооллого явуулсан нөхцөлд дэлгэрэнгүй иж бүрэн мэдээлэлтэй болох хэдий ч бодит нөхцөлд богино хугацаа, хязгаарлагдмал төсөв өгөгдсөн байдаг тул түүвэр судалгаа явуулах шаардлага зүй ёсоор гарч ирдэг.

Түүвэр судалгааг нийгэмд өрнөж буй үзэгдэл, нийгмийн гишүүдийн санаа бодлын талаар бодит мэдээллийг бага зардлаар, шуурхай бий болгох цогц үйл ажиллагаа гэж товч тодорхойлж болно. Энэхүү цогц үйл ажиллагааг туршлагатай, чадварлаг гишүүдээс бүрдсэн баг удирдан явуулж байж тавьсан зорилгодоо бүрэн хүрдэг.

Судалгааны төслийн багийн туршлагатай, чадварлаг гишүүд маш нарийн төлөвлөгөөний дагуу судлаачийн ёс зүйг чанд баримтлаж, олон улсын нэгдсэн арга зүйн дагуу, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан судалгаа явуулах шаардлагатай байдаг.
Зураг 1. Судалгааны гурвалжин (Эс Ай Си Эй ХХК)


Үр дүнтэй судалгаа явуулах үндэс нь судлаачдын нэгдсэн ёс зүй стандарт, олон улсын арга зүйд нэгдсэн манай улсад туршигдсан аргачлал болон сүүлийн үеийн дэвшилтэт технологийн зохимжтой нийлэмж юм.

ЁС ЗҮЙ, СТАНДАРТ:
Судалгаа явуулах зорилгоор захиалагчтай уулзаж, асуудлаа тодорхойлохоос эхлээд, дуусаж үр дүн хүлээлгэж өгөх хүртлэх бүх үе шатанд судлаач ёс зүйн хэм хэмжээ, стандартыг баримтлан ажиллах ёстой. Түүвэр судалгааны хувьд энэхүү асуудлыг гурван үе шатанд хуваан авч үзэх шаардлагатай байдаг. Үүнд:

Бэлтгэл үе шат – Захиалагчийн хэрэгцээний хүрээнд судалгаа явуулах боломжтой эсэхэд дүгнэлт хийх, мөн биелэгдэх боломжгүй буюу хувь хүний нууц, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдахуйц судалгааны захиалга авахгүй байх. Нөхцөл байдлыг бодитоор тайлбарлаж биелэгдэх боломжтой зорилт тавин захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд ёс зүйн хэм хэмжээг баримтласан дэлгэрэнгүй гэрээ байгуулж түүнийгээ мөрдөж ажиллах нь энэ үе шатанд яригдах ёс зүйн гол асуудал байх болно.

Мэдээлэл цуглуулах үе шат – Энэ үе шатанд хөндөгддөг голлох ёс зүйн хэм хэмжээний асуудал нь судалгаанд хамрагдагчид (respondents) судалгааны зорилго, хүрэх үр дүн болон тухайн судалгаанд хамрагдагчийн эрх үүргийг үнэн зөв, дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх ёстой бөгөөд таниулах зөвшөөрлийн хуудсыг сайн дурын үндсэн дээр бөглүүлэх асуудал байдаг. Судалгаанд хамрагдагчаас зөвхөн асуулгад заагдсан мэдээллийг авах, мөн тухайн мэдээллийг хууран мэхлэх, айлган сүрдүүлэх замаар авахгүй байх ёстой бөгөөд харилцааны өндөр соёлтой байх нь үнэн бодит мэдээлэл олж авах үндэс гэдгийг судлаач өөрөө сайн ухамсарлах ёстой байдаг.

Үр дүнг боловсруулж, тархаах үе шат – Судлаач та тухайн хүний мэдээллийн нууцыг зөвхөн судалгаа шинжилгээний зорилгоор буюу нэгдсэн байдлаар ашиглаж бас тархаах үүрэг хүлээх нь ёс зүйд нийцсэн үйлдэл болох юм. Судалгааны хүрээнд олж авсан дэлгэрэнгүй, үр дүнтэй мэдээллийг хувийн зорилгодоо ашиглахгүй байх мөн гэрээнд заагдсан хэм хэмжээний хүрээнд захиалагчид хүлээлгэж өгөх ёстой.

АРГАЧЛАЛ:
Судалгааны бүхий л үе шатанд хийгдэж буй үйл ажиллагаа нь олон улсын арга зүйд нийцсэн нэгдсэн аргачлалын хүрээнд явагдах ёстой. Мэдээлэл олж авах зорилго, мэдээллийн төрөл болон хамрах хүрээ зэргээс хамаарч харилцан адилгүй аргачлалаар явагддаг судалгааны төрлүүд бий болдог. Бид судалгааны төрөл түүнд ашиглагдаж буй арга зүй олон улсын нийтлэг арга зүйн дагуу байх ёстойг шаарддаг хэдий ч өөрийн орны онцлог нөхцөл байдлыг тусгасан, мөн дотоодын нөхцөл байдалд олон удаа туршигдсан байхыг илүүд үздэг.

Нэгдсэн арга зүйн дагуу судалгааг явуулах нь алдааны магадлалыг бууруулах, мөн зорилтот түвшинд байлгахад гол түлхүүр нь байдаг бөгөөд бусад тоон мэдээлэлтэй харьцуулан дүгнэлт хийх боломжийг давхар олгодог.

Судалгааны үе шат бүхэнд анхаарах чухал шаардлагатай хэдий ч арга зүйн хүрээнд онцгойлон анхаарах шаардлагатай үе шатууд дараах байдалтай байна. Үүнд:

Асуулгын хуудас зохиох – бүтэц, зохион байгуулалт, асуулгын төрөл, гарах үр дүнтэй уялдсан байдал, асуулгын хуудастай хамт хийгддэг гарын авлага болон бусад үзүүлэн материал.

Түүвэр – түүврийн эх олонлог болон хүрээг тодорхойлох, түүврийн төрлөө сонгох, түүвэрлэлт хийх, үр дүнг эх олонлогт нь тархаах.

Дүн шинжилгээ хийх – судалгааны мэдээлэл боловсруулах, мэдээлэлд төлөвлөсөн дүн шинжилгээнүүдийг хийх, үр дүнг харьцуулан тайлбарлах, тоо бүрийн хувьд алдааны хязгаар итгэх завсарыг зааж өгөх.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ:
Судалгаа гэдэг нь хэрэгцээт мэдээллийг бий болгох үйл явц гэж дээр тодорхойлсон билээ. Гэвч энэхүү мэдээлэл нь цагаа олсон мөн шинэлэг байх ёстой, ба энэхүү шаардлагад нийцүүлэхийн тулд маш богино хугацаанд судалгааг явуулах хэрэгтэй болдог.

Мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд аливаа мэдээ, баримт маш хурдан тарж, хуучрах хандлагатай болж байна. Цаг үеийн энэхүү шаардлагад нийцүүлэн судалгааг үнэн, бодит, түргэн шуурхай явуулах шаардлага судлаачдын өмнө тулгараад байна.

Түүвэр судалгааны хүрээнд дэвшилтэт технологи ашиглах нь бидэнд нэгдүгээрт, хүний хүчин зүйлийг багасгах, хоёрдугаарт, цаг хугацаа хэмнэх, гуравдугаарт, төсөв хэмнэх давуу талуудыг бий болгодог.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.