МЭДЛЭГ: НИЙГЭМ СУДЛААЧДЫН МЭРГЭЖЛИЙН КАРЬЕР

Хүн бол биосоциопсихо хэв шинж бүхий энэ гариг дээрх хамгийн сонирхолтой, хамгийн их судлагдах ёстой амьд биет билээ. Цаг хугацаа өнгөрч, нийгэм бүтцийн хувьд улам бүр нарийсан хөгжих тусам хүний нийгмээс хамаарах хамаарал улам бүр ихсэж байна. Нийгэм судлаачид, бодлого боловсруулагчдын өмнө нийгмийн өөрчлөлт, хөгжлийг танин мэдэх, чиг хандлага, учир шалтгааныг тайлбарлах, болзошгүй нөхцөлийн боломжит хариултыг олох асуулт хамгийн чухлаар тавигдаж байна. Хүнтэй харилцдаг ажил мэргэжилтэй, хүнд үйлчлэх бизнес эрхэлдэг хэн бүхэнд нийгмийн өөрчлөлт хувиралт, хөгжлийн чиг хандлага чухал сонирхолтой сэдэв мөн. Энд гутал засварчингаас эхлээд талхны үйлдвэрийн эзэн, цонхны дизайнер, электроникийн инженер бүгд орно. Хүрээний гадна хэн нэгэн үлдэв үү …

Орчин үед нийгэм судлаачид ажил олгогч болон үйлчлүүлэгчиддээ зориулж бизнес, улс төр, нийгэм-эдийн засгийн шийдвэр гаргахад нь туслах төрөл бүрийн судалгаануудыг удирдан явуулж байна. Шийдвэр гаргахад туслахын тулд юу хийх вэ? Ингэхийн тулд асуудлыг тодорхойлох, мэдээллийг цуглуулах, шинжлэх, тайлагнах, мэдээллэх гэсэн үе шатат аргуудыг ашиглаж бүрэн хэмжээний мэдээллийн систем үүсгэнэ. Энэ үе шат, судалгааны бүрэлдэхүүн хэсэг нь нийгмийн шинжлэх ухааны судалгааны нийтлэг загвар болно.

Нийгэм судлаачид тодорхой асуудлаар бүхэл нийгэм, эсвэл нийгмийн нэг хэсэг бүлгийн байр суурийг илрүүлэхийн тулд асуулга, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага, ажиглалт, туршилтийн аргаар мэдээлэл цуглуулж тэдний үзэл бодол, зан үйл, туршлагыг судлах, хэмжих оролдлого хийдэг. Товчоор хэлбэл нийгмийн судалгааны үйл явцын орхигдуулж үл болох дараалал энэ боловч ямар асуудлыг аль аргаар хэрхэн судлах нь судлаачдын, судалгааны багийн шийдэх, туршлага болоод хийсвэрлэх ур чадвартай шууд холбоотой юм. Энэ ч утгаараа судлаачдад тавигдах мэргэжлийн шаардлагад бүтээлч байдал, хийсвэрлэх болон задлан шинжлэх ур чадварууд тавигддаг байх.

Монголд болоод дэлхий дахинд нийгэм судлаачид хувийн судалгааны байгууллагууд, (судалгааны компани, хүрээлэн гм) төрийн бус байгууллага (ашгийн бус, сайн дурын байгууллагууд), академик байгууллагууд, төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, мөн төрийн өмчит компаниудад мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Яг одоо, энэ цаг үед нийгэмд мөн шинжлэх ухаанд ижилсэх болоод ондооших үзэгдэл зэрэг явагдаж байна. Энд улс төрийн эсвэл маркетингийн судалгааг дан ганц социологич, маркетер эсвэл улс төр судлаач бүрэн дүүрэн судлах боломж улам бүр багасч, нэг асуудлыг судлах судлаачдын багийн бүрэлдэхүүн улам бүр олон талт хэв шинжийг шаардах болжээ. Энэ утгаараа нийгмийн судалгааны тухай хөндөж ярихад аль нэгэн мэргэжлийг онцолж ярих нь ихээхэн учир дутагдалтай ч, мэргэжил бүрийн онцлогийг дурдахгүй өнгөрөх нь үүнтэй адилхан мэдээллийн хомсдол үүсгэх юм. Антони Гидденсийн үзсэнээр социологич, философич, улс төр судлаач, эдийн засагч, 20-р зууны эхэн үеийн Германы эрдэмтэн Макс Веберийн боловсруулсан “бюрократ буюу шатлан захирах ёсны үзэл санаа энэ цаг үед жинхэнэ утгаараа хөгжиж байгаа” нөхцөлд нийгэм судлаачдын мэргэжлийн байр суурийг нарийн ялгаж өгөх нь судлаачид болоод захиалагчдад томоохон буян болох юм. Бюрократизмын зарчимд суурилсан орчин үеийн менежментийн ухаан байгууллагын түвшинд хүний нөөцийг зөв зохистой хуваарилахад санаа тавьдаг бол нөгөө талд сургах, мэргэшүүлэх байгууллагууд авьяаслаг сонирхогчдыг мэргэжлийн бүлгийнхнээс ялгах системтэй үйл ажиллагаа явуулж байна.

Дээрх зарчимд тулгуурлан бэлтгэгдсэн мэргэжилтнүүд сэдвийн эхэнд дурдсан хүний биосоциопсихо шинж чанарыг үзэгдлийн ертөнцөд илрэх нөлөөлөх байдлаар нь судалж байна. Жишээлбэл, социологи болоод сэтгэл судлалын зааг дээр үүссэн маркетингийн судлаачид хүмүүсийн худалдан авах зан үйл, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх санаа бодлыг судалснаар байгууллагуудын хөрөнгө оруулалт болоод зах зээлийн шийдвэрт нөлөөлөх мэдээллийг бэлдэж өгдөг.

Худалдан авалтыг тодорхойлох, зах зээлд хөрөнгө оруулах шийдвэрт нөлөөлөх жижиг хэрэг, ихэнх нийгмийн судалгааны төслүүд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, шилжилт хөдөлгөөн зэрэг суурь асуудлууд хүний одоогийн оршихуйд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох, нийгмийн бодлогын нөлөөллийг илрүүлэхэд чиглэгдсэн байдаг. Эдгээр судалгааны үр дүнд шинэ бодлого тодорхойлох, шийдвэр гаргах шаардлагатай болдог учраас найдвартай мэдээлэл цуглуулах, үндэслэлтэй тайлбар, зөвлөмж бэлдэх асуудал үүсдэг.

Энд өмнө дурдсан судалгааны аргуудаар цуглуулсан мэдээлэл болоод задлан шинжлэх, тайлбарлах асуудал чухал үүрэгтэй. Энэ нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага нь судлаачдыг судалгааны арга зүй болоод асуудлын хүрээнд мэргэшихийг шаарддаг. Ингээд тоон судалгааны арга зүй, чанарын судалгааны арга зүй нарийсч, бэлэн цугласан мэдээллийг задлан шинжлэх, учир шалтгааныг олох их аянд гаргадаг.

Эндээс нийгэм судлаачдын мэргэжлийн болон мэргэшлийн салбарууд салаалан гарч ирнэ. Эхний удаад социологи, сэтгэл судлал, улс төр судлал, маркетер, эдийн засагч, эсвэл статистикч болохоо шийдэх ёстой. Дараа нь судалгааны үе шатын хүрээнд аль түвшинд мэргэших вэ? Мэдээлэл цуглуулагч уу, шинжээч үү, мэдээллийн менежмент хийх үү. Тоон судалгаагаар мэргэших үү ба чанарын арга зүйг түлхүү авч үзэх үү. Бодлогын судалгаа хийх үү, зах зээлийн үнэлгээ хийх үү. Дээрх бүх мэргэжлүүд, судалгааны үе шат, хэлбэрүүд нь өөр өөрийн онцлогтой. Нарийн тогтсон дүрэм байхгүй ч хэрэглэхэд тохиромжтой асуудал болон арга зүй гэж бий. Үүнд мэргэжил, мэргэшсэн байдал ихээхэн хамаатай, өөрөөр хэлбэл асуудлыг аль өнцгөөс харж тайлбарлах, утасны орооцолдоог хэрхэн тайлах нь сэтгэл судлаач уу, статистикч уу, эсвэл социологич уу гэдгээс ихээхэн хамааралтай гэсэн үг. Хэрвээ социологич бол …

Үргэлжлэл бий …

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.