Манай шилдэг судлаачид Хайлаар-Манжуурын үзэсгэлэнт газраар аялаад ирлээ

Манай компани нь жил бүр ажил үйлсээрээ манлайлсан шилдэг судлаач, ажилчдаа шалгаруулж гадаадын үзэсгэлэнт орнуудаар аялуулдаг билээ.

Энэ удаа шилдэг судлаачаар шалгарсан Б.Төрцэцэг болон Ө.Номин-Эрдэнэ нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар-Манжуурын үзэсгэлэнт хотоор 2019.02.23-аас 02.26-ны өдрүүдэд амжилттай аялаад ирлээ.

Судлаачдын маань сэтгэл догдлуулсан аяллын эхний өдөр Улаанбаатар хотын “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотын чиглэлд ниссэнээр эхэлсэн юм. Хайлаар хотод буусан сэтгэгдэл маш өндөр байсан бөгөөд цааш аялах хүслийг нь улам бүр бадрааж байлаа. Хоёр дахь өдрөө судлаачид маань Хайлаар хотын үзэсгэлэнт газрууд болох Чингис хааны талбай, Хайлаар хотын эртний түүхийн дурсгалт газруудтай танилцан гайхалтай бүтээн байгууллалтуудыг харж, дурсгалын зургаа татуулсан бол, өдрийн төгсгөлд Манжуур хотын зүг хөдлөн, орос маягийн өнгө хийцтэй, орчин цагийн үзэсгэлэнт Манжуур хотод ирж, маргаашийнхаа аялалд бэлдэн алжаал, ядаргаагаа тайлан тун чиг сайхан амрав.

Гурав дахь өдөр нь Манжуур хоттой танилцах аялал эхэлсэн бөгөөд үзэсгэлэнт Манжуур хотын Зайсан толгой буюу Гуанжинтай толгодоос эхлэн хиймэл нуур, хүрлээр цутгасан арслан зааны сүрэг зэрэг хүний гараар бүтсэн дурсгалуудыг нэг дороос үзэх Залаа /Хөлөн/ нуурын Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнгээр зочлон гайхамшигт бүтээлүүдийг ойроос харж, мэдэрсэн юм. Үүний дараагаар Хятадын хамгийн хойно орших 7,700 м.кв бүхий 16 өргөөтэй хийд болон 2007 онд Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэйн талбайгаар зугаалж, хэзээ ч мартагдашгүй мөчүүдээ гэрэл зургийн хальсанд буулган авчээ. Өдрийн төгсгөлд Манжуур хотын сонирхолтой зүйлсээр дүүрэн томоохон худалдааны төвүүдээр худалдаа хийж, урлагийн тоглолт үзэн чөлөөт цагаа өнгөрүүлсэн байна.

Судлаачдын маань Хайлаар-Манжуурын үзэсгэлэнт газруудаар аялж, аяллын богц, дурсамж дүүрэн 3 шөнө 4 өдрийн аялал Улаанбаатар хотод ирснээр баяртайгаар өндөрлөсөн юм.

Шилдэг судлаачдынхаа дурсамж дүүрэн аяллын зургуудаас та бүхэнтэй хуваалцаж байна. 

  

Компанийнхаа шилдэг судаачиддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй