Бизнесийн судалгаатай холбоотой хүмүүсийн андуурдаг 3 төөрөгдөл

Сүүлийн жилүүдэд дотоодын бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесээ өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, хэрэглэгчээ тодорхойлох гэх зэрэг олон шалтгаанаар судалгаа хийлгэх нь ихэссэн. Бодит мэдээлэл дээр үндэслэн, оновчтой шийдвэр гаргахын тулд судалгаа хийлгэж байгаа нь сайшаалтай ч бизнесийн судалгаа хийлгэж буй хүмүүсийн гаргадаг нийтлэг 3 төөрөгдлийг та бүхэндээ танилцуулъя. Эдгээр гурван төөрөгдөл нь таныг судалгааг илүү бодитоор хүлээн авахад туслах болно.

Судалгаа зөвхөн хүмүүсээр асуулга бөглүүлдэг зүйл гэсэн төөрөгдөл

Судалгаа нь бүрэн цогц процесс юм. Судалгааны арга зүй сонгох, түүврээ тооцоолох, асуулгаа боловсруулах, мэдээлэл цуглуулах, дата цэвэрлэх, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах гэсэн үе шатуудаас бүрдэнэ. Гэвч хүмүүсийн гаргадаг нийтлэг төөрөгдлийн нэг бол судалгаа нь зөвхөн бэлтгэсэн асуулгыг зорилтот түүврээр бөглүүлэх гэж ойлгодог. Гэвч мэдээллийг асуулга бөглүүлэн цуглуулах нь мэдээлэл цуглуулах үе шатын зөвхөн нэг аргачлал бөгөөд ямар төрлийн судалгаа хийлгэж байгаагаас, ямар үр дүнг хүлээж байгаагаас мөн зорилтот бүлэг нь хэн гэдэг зэргээс хамааран мэдээллийг өөр өөр аргачлал ашиглан цуглуулдаг. Энд судалгааны онцлогоос хамаарсан мэдээллийн 2 төрөл, түүвэрлэлтийн 2 бүлэг, 7 тусдаа арга зүй, 3 төрлийн асуулгын хуудас, 3 төрлийн асуулт, мэдээлэл цуглуулалтын 9 төрөл, дата цэвэрлэх 3 үе шат бүхий 8 арга зүй, мэдээлэл боловсруулж, дүн шинжилгээ хийх 100 гаруй загвар байдаг.

 

Судалгааны үр дүн ямагт таны хүссэнээр эерэг гарна гэсэн төөрөгдөл

Судалгаа хийлгэж буй хувь хүн, албан байгууллагуудын гаргадаг дараагийн хамгийн том төөрөгдөл бол судалгааны үр дүн тэдний хүссэн шиг ямагт эерэг байна гэсэн төөрөгдөл. Бодит байдал дээр судалгааны үр дүн нь таны хүлээлт хэр байхтай огтхон ч хамаагүй бөгөөд судалгаанд оролцож буй түүврийн сонголтоос шууд хамааралтай юм. Судалгааны зорилго нь таны таамаглал бодитой байна уу? үгүй юу? гэдгийг тодорхойлох. Тиймээс үр дүн таны таамаглалтай таарахгүй байна гэдэг нь буруу гэсэн үг биш юм. Гэвч ихэнх тохиолдолд судалгаа хийлгэж буй захиалагч үр дүнг өөрсдийн хүссэнтэй ижил биш бол дурамжхан хандах нь элбэг байдаг. Гэхдээ харах өнцгөө өөрчилбөл таныг буруу шийдвэр гаргаж илүү том эрсдэл гаргахаас хамгаалж байгааг ойлгох хэрэгтэй.

 

Зөвхөн нэг л удаа судалгаа хийлгэхэд хангалттай гэсэн төөрөгдөл

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглэгч, зах зээл, хүрээлэн буй орчин зэрэг нь бүгд биднээс үл хамааралтай тогтмол өөрчлөгдөн хувьсаж байдаг. Судалгаа нь тухайн цаг үе дэх мэдээлэл дээр үндэслэдэг бол судалгааны үр дүн нь тухайн цаг үеэ тодорхойлоход тусалдаг. Тиймээс үүнийг байнга ашиглана гэдэг нь таныг буруу шийдвэр гаргах, бизнесээ буруу тооцоолох  зэрэг маш олон эрсдэлд оруулах аюултай. Жишээ нь хэрэглэгчийн зан төлөв харьцангуй тогтмол байдаг учир зан төлөвийн судалгааг 2 жил тутамдаа 1 удаа хийлгэхэд тохиромжтой байдаг бол зах зээлийн судалгааг жилдээ 1 удаа, сэтгэл ханамгийн судалгааг 6 сардаа 1 удаа хийлгэх нь тохиромжтой байдаг. Энэ мэтчилэн хийлгэж буй судалгааны үр дүнг хэр хугацаанд ашиглах нь зүйтэй вэ? гэдгээ мэддэг байх нь чухал юм. Мөн нэг судалгаанаас гарсан мэдээлэл дээр үндэслэн бизнесийн орчинд хийсэн шийдвэр гаргалтын үр дүнг хэмжих, өөрчлөлтийг мэдрэхийн тулд ямар мэдээлэл хэрэгтэй, ямар судалгаа хийх шаардлагатайг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь брэндийн судалгаа хийж шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсний дараа танигдсан байдлыг үнэлэх, шинэ үйлчилгээ стандарт боловсруулсны дараа сэтгэл ханамж, нууц худалдан авалтын судалгаа хийх г.м.

 

Эдгээр гурван төөрөгдөл нь таныг судалгааг буруугаар ойлгоход хүргэдэг бөгөөд эдгээр төөрөгдлийг зөвөөр ойлгосноор та судалгаанаас илүү бодит үр дүнг хүлээх юм. Тиймээс эдгээр гурван төөрөгдөлд авталгүйгээр судалгааг зөвөөр хүлээн авч өөрсдийн бизнесээ өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, хэрэглэгчээ тодорхойлох зэрэгт ашиглаарай.

 

ТАНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛНӨ.

БИЗНЕСИЙН СУДАЛГАА – Энд дарна уу.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй