Бизнесийн байгууллага дахь инновацийн хэрэгжилт

Та бизнесийнхээ үйл ажиллагаанд инноваци хийж чадаж байна уу?

 

Инноваци нь “innovat” буюу шинэчилсэн, сайжруулсан гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд шинэ бүтээгдэхүүн, санаа эсвэл технологи бүтээх, сайжруулах гэсэн утга илэрхийлдэг. Инноваци нь цоо шинэ зүйл байх албагүй бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээнд мэдэгдэхүйц өөрчлөлт хийж, технологи нэвтрүүлсний үр өгөөж юм. Инновацийн хамгийн гол шинж чанар нь эдийн засгийн үр өгөөжийг авчирч, нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд оршдог байна.

Хүн төрөлхтөн түүхийн бүхий л үед инноваци хийсээр ирсэн хэдий ч “Инноваци” гэх ойлголт хожуу түгэн дэлгэрсэн билээ. Өрсөлдөх чадварыг тодорхойлох нэг чухал шалгуур нь инновацийн идэвхжил болж, улс орнууд өөрсдийн онцлогт тохирсон инновацийн бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна (Steiber, 2012). Сингапур, Швейцарь, АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Финланд гэх зэрэг улс орнууд мэдлэгт тулгуурласан эдийн засгийг дэмжиж, инновацийг өндөр түвшинд хөгжүүлэн үр шимийг нь хүртсээр байна. Хөгжилтэй орнууд инновацийг өрсөлдөх чадварын гол хүчин зүйл хэмээн үзэж байгаа бол хөгжиж буй орнууд хөгжлийн хоцрогдлоо богино хугацаанд даван туулах боломж хэмээн харж байна (The World Bank, 2009).

Монгол улсын хувьд зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс шинжлэх ухаан, технологийн хөгжил, инновацийн асуудал хүчтэй хөндөгдөж, 2006 оноос инновацийн талаарх хууль, эрхзүйн орчин бүрдүүлэх, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлууд эрчимтэй хийгдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч ААН байгууллагууд инновацийг хэр хэмжээнд нэвтрүүлж, үр ашгийг нь хүртэж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Энэ хэрэгцээнд үндэслэн “Эс Ай Си Эй” ХХК нь 2018 онд Монгол улсын инновацийн систем, өнөөгийн байдалд үнэлэлт өгч, байгууллагад инновацийг идэвхжүүлэхэд шаардлагатай дэмжлэгүүдийг тодорхойлох судалгааг гүйцэтгэлээ. Уг судалгаанд Монгол улсад үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа 300 бизнесийн байгууллагыг хамруулсан.

Олон улсын туршлага

Инноваци хийхийн тулд улс орнууд багагүй хөрөнгө, хүч зарцуулах болсон ба үүнийг зардал гэхээсээ илүү хөрөнгө оруулалт гэж харах нь зохистой гэмээр. Хэн нь илүү инноваци хийж байгаа эсэхийг тодорхойлдог нэгэн хэмжүүр бол Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр тооцоолон гаргадаг “Глобал инновацийн индекс” юм (WIPO, 2018). Тус индексийн үзүүлэлтээр Швейцар, Швед, Нидерланд, Америк зэрэг улс тэргүүлдэг бөгөөд Азийн улсуудаас Япон, БНСУ, Сингапур, БНХАУ зэрэг орнууд дээгүүр байранд жагсаж байна. Эдгээр улс орнууд инновацийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, субъектүүд хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааны механизм, уялдааг бий болгон, соёлыг төлөвшүүлэхэд гол анхаарлаа хандуулсан байна.

АНУ нь ДНБ-ий 2.8 орчим хувийг, Финлянд улс ДНБ-ий 3.5 хувийг, Япон улс ДНБ-ийхээ 3.4 хувийг судалгаа, хөгжүүлэлтийн зардалд зарцуулж байгаа бол Монгол улс ДНБ-ий 0.2 орчим хувийг судалгаа, хөгжүүлэлтийн зардалд зарцуулж байна. Энэ нь бусад улс орны жишигтэй харьцуулахад хангалтгүй, хэт доогуур үзүүлэлт юм. Учир нь олон улсын жишиг үнэлгээгээр тус үзүүлэлт нь 0.4 хувиас доош бол тухайн улс шинжлэх ухаан, нийгэм соёлын үзэгдлийн төдий байр суурьтай, 0.8 хувьд хүрч байвал нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж эхлэх хэмжээний, 1.5 орчим бол мэдэгдэхүйц нөлөөтэй гэж үздэг ажээ (Ж.Мижиддорж, 2014).

Япон улсын хувьд хууль эрхзүйн орчны зохицуулалт сайн хийгдсэн ба 5 жил тутам шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөө шинэчлэн, тогтмол өөрчлөлт хийдэг ажээ (Cabinet office, the Government of Japan, 2015).

Монгол Улсын инновацийн өнөөгийн байдал

Манай улсын хувьд 2018 оны глобал инновацийн индексийн үнэлгээгээр 35.9 оноогоор 126 орноос 53-р байранд оржээ. Мэдлэг, технологийн гаралт, бизнесийн төлөвшил, судалгаа хөгжүүлэлт болон дэд бүтцийн үзүүлэлтүүд хангалтгүй үнэлэгджээ.

Бизнесийн байгууллагын инновацийн үйл ажиллагааг тодруулах судалгааны үр дүн

Судалгааг Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 300 ААНБ-г хамруулан явуулсан ба судалгаанд оролцогчдыг олон шатлалт бүлэглэсэн түүврийн аргаар сонгосон болно.

Судалгааны дүнгээс үзэхэд оролцогч байгууллагуудын 52.7% нь инновацийн талаарх ойлголтыг тодорхой сайн мэдэхгүй байсан төдийгүй, инновацийн тухай хуулийг оролцогчдын ердөө 15.3% нь л мэдэж байв.

Инновацийн талаарх мэдлэг, мэдээлэл бизнесийн байгууллагынханд хангалтгүй түвшинд байсан хэдий ч сүүлийн 3 жилийн хугацаанд тэдний 97.7% нь инновацитай холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг байгууллагадаа хэрэгжүүлжээ. Инновацийн төрлөөр авч үзвэл 91.7% нь бүтэц, зохион байгуулалтын инноваци, 85.7% нь бүтээгдэхүүн, үйлчилгээний инноваци, 79.3% нь маркетингийн инноваци, 73.0% нь үйл явцын инновацийг хэрэгжүүлсэн бол, 56.0% нь логистикийн инновацийг хэрэгжүүлсэн байв.

Дээрх үр дүнгээс үзвэл инновацийг байгууллагын үйл ажиллагааны амжилтанд шууд бус нөлөөтэй, харин шинжлэх ухааны дэвшилтэд мэдлэг бий болсны дараа хийх ажил хэмээн ойлгох нь түгээмэл байсаар байгааг харуулж байна. Түүнчлэн байгууллагад хэрэгжсэн үйл ажиллагаа нь инновацид хамаарагдах эсэхийг байгууллагын төлөөллүүд тодорхойлж чадаагүй нь тодхон харагдаж байна. Мөн инновацийн үйл ажиллагаа нь байгууллагын түвшинд л хэрэгжиж байгаа төдий байгааг дурдаж байв.

Инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ байгууллага гол төлөв өөрсдийн хүч, нөөцөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 10 байгууллага тутмын 8 нь (судалгаанд хамрагдсан байгууллагын 82.0%) инновацийг бие даан хэрэгжүүлж байгаа үр дүн гарчээ.

Тэгвэл инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бусадтай хамтран ажилласан байгууллагыг авч үзвэл 83.3% нь хувийн байгууллага, 40.9% нь төрийн байгууллага, 16.7% нь их, дээд сургуультай хамтран ажилласан байв.

Судалгааны хүрээнд хөндсөн дараагийн асуудал нь инновацид зориулж патент, зохиогчийн эрх, ноу-хау, шинэ бүтээл, нээлт зэргийг авсан байдал болон санхүүжилт, тулгамдаж буй асуудал байв. Тухайлбал, судалгаанд хамрагдсан байгууллагуудын 21.0% нь патент авах хүсэлт гаргасан байсан бөгөөд ААНБ-ын ердөө 2.0% нь патент, зохиогчийн эрхээ бусад байгууллагад зарсан бол, 3.0% нь патент, зохиогчийн эрх бусад байгууллагаас худалдан авсан байна.

Харин санхүүжилтийн хувьд байгууллагууд 2016 онд дунджаар 796.6 сая төгрөгийг инновацийн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Инновацийн үйл ажиллагаанд зарцуулж буй зардлыг байгууллагын ангиллаар авч үзвэл том байгууллагууд жилд дунджаар 1550.4 сая төгрөг, дунд байгууллагууд 312.6 сая төгрөг, жижиг байгууллагууд 224.1 сая төгрөг зарцуулжээ.

Судалгааны үр дүнгээс инноваци хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг эрэмбэлвэл:

  1. Санхүүгийн бэрхшээл тулгардаг
  2. Хууль эрхзүйн нөхцөл хангалттай хэрэгждэггүй
  3. Мэргэшсэн боловсон хүчин дутмаг
  4. Эдийн засгийн орчин муу байдал
  5. Төрөөс үзүүлэх дэмжлэг тааруу
  6. Мэдээллийн хүртээмж муу гэсэн үр дүн гарчээ.

Манай улсын хувьд сүүлийн 3 жилийн хугацаанд байгууллагуудын инноваци хэрэгжүүлэлт боломжийн түвшинд байгаа хэдий ч шинэ, далайцтай өөрчлөлт, сайжруулалт ажиглагдахгүй байна.

Гэхдээ том байгууллагуудын хувьд салбартаа инновацийг хэрэгжүүлэн, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн ажиллаж байгаа бол, жижиг, дунд байгууллагын хувьд дотооддоо хэрэгжүүлсэн төдий байна. Инновацийг үр дүнтэй, богино хугацаанд хэрэгжүүлэхэд том байгууллагуудын чадавх, туршлага, нөлөө чухал байр суурийг эзэлж байна.

Төрийн зүгээс бизнесийн томоохон байгууллагуудыг гаднын технологийг нутагшуулахыг дэмжихийн зэрэгцээ судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулахыг урамшуулж, идэвхжилийг бий болгох нь хувийн хэвшлийг инновацийн үйл ажиллагаанд татан оролцуулах, инновацийн соёлыг нэвтрүүлэх, төлөвшүүлэхэд түлхэц болох болно. Хууль эрхзүйн орчин, бодлогын уялдаа холбоог хангаж, урт хугацааны үр дүнтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжлийг хангах нэг гарц байж болох юм.

Мөн бизнесийн байгууллагууд өөрийн ажиллаж буй зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгчдөө сайтар судлах нь оновчтой инноваци шийдэл олж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ялангуяа зах зээлийн судалгаа, хэрэглэгчдийн зан төлвийн судалгаа, нууц худалдан авалтын судалгаа, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа зэрэг судалгаанууд нь инноваци хийх шаардлага, гарц шийдлийг улам бүр тодорхой болгож өгдөг давуу талтай.

 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор Н.Сонинтамир, Д.Батхуяг, тус сургуулийн магистр Т.Пүрэвхүү нарын “Бизнесийн байгууллагын инновацийн өнөөгийн байдал” өгүүллийг бүрэн эхээр нь уншихийг хүсвэл энд дарж татаж авна уу.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй