Байгууллагын чадавхын үнэлгээ, стратеги төлөвлөгөөг боловсрууллаа

Бид Швейцарын Хөгжлийн Агентлагаас хэрэгжүүлж буй Тогтвортой Бичил Уурхай Төсөл (ТБУТ)–ийн захиалгаар Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо (МБУНДХ)-ны өнөөгийн чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийж, цаашдын тогтвортой байдлыг бэхжүүлэх, чадавхыг сайжруулах зөвлөмж болон ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсрууллаа.

МБУНДХ нь бичил уурхайчдын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх, хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг олон нийтэд төлөвшүүлэх,  тэдний нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, ХАМО иргэдэд хүрч ажиллах, зохион байгуулалтад оруулах зэрэг олон үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулдаг юм.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд хоёрдогч мэдээллийн судалгаа, байгууллагын дотоод бичиг баримтын шинжилгээ, ганцаарчилсан ярилцлага, бүлгийн ярилцлага, түүвэр судалгаа, оролцогч талуудын хэлэлцүүлэг зохион байгуулах, талбар дээр очиж ажиллах, нөхцөл байдалтай танилцах болон ажиглалтын аргуудыг ашигласан.

Зөвлөх үйлчилгээ нь үндсэн дөрвөн  хэсгээс бүрдсэн. Үүнд:

  • Орчны шинжилгээ хийсэн: МБУНДХ-ны макро болон микро орчны шинжилгээ хийсэн ба гадаад орчны PESTLE шинжилгээ, байгууллагын давуу сул талыг үнэлж стратегийн хувилбар боловсруулах SWOT шинжилгээ, TOWS матриц, оролцогч талуудыг үнэлэх Менделовын матрицыг ашигласан.
  • Байгууллагын чадавхын үнэлгээ хийсэн: Аливаа байгууллагын гол бүрэлдэхүүн хэсэг болох санхүү, хүний нөөц, үйл ажиллагаа болон засаглал, манлайллын хүрээнд байгууллагын чадавхыг үнэлж, цаашдын тогтвортой байдлыг бэхжүүлэх, чадавхыг сайжруулах санал зөвлөмж гаргасан.
  • Дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө боловсруулсан: Байгууллагын орчны шинжилгээ болон дотоод чадавхын үнэлгээн дээр үндэслэж, Тэнцвэржүүлсэн үнэлгээний аргатай хослуулан байгууллагын стратеги зураглалыг хийж, 4 жилийн төлөвлөгөө боловсруулсан.
  • 2017 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулсан: Гаргасан стратеги төлөвлөгөөнд үндэслэн, МБУНДХ-ны тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг OGSM загвараар боловсруулан гаргасан.

Тогтвортой бичил уурхайн төслийн хамт олон, Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо болон нийт бичил уурхайчдадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.