НУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ?

Нууц худалдан авалт нь хэрэглэгч танай байгууллагаас ямар бүтээгдэхүүн үйлчилгээг аваад, юу мэдэрч байгааг, хэр их хүчин чармайлт гаргаж байгааг бодит жишээн дээр тулгуурлан судалж, үйлчилгээ, борлуулалтын процесс дахь дутагдалтай талыг нарийн тодорхойлдог судалгаа юм. Энд байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг хэн авч, дүгнэж, ямар байр сууриас харж үнэлгээ өгөх нь тус судалгаанд маш чухал ач холбогдолтой байдаг. Үүнийг бид тусгайлан бэлтгэгдсэн “Нууц худалдан авагч”-ийн тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг.

Нууц худалдан авагч гэж хэн бэ?

Энэ бол хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг аль ч салбарын байгууллагын үйлчилгээний соёлын талаар, тогтсон арга зүйн хүрээнд тодорхой дүрд хувиран, мэргэжлийн түвшинд үнэлэлт, дүгнэлт өгч чадахуйц судлаач юм.

Нууц худалдан авагч нь ямар ч ажил мэргэжилтэй, насанд хүрсэн аль ч хүйсийн нэгэн байж болох хэдий ч ямар салбар чиглэлийн судалгааг хийх гэж байгаагаас хамаараад урьдчилсан сургалтад суун тодорхой дүрийг эзэмшиж, үнэлэх гэж байгаа үйлчилгээ, үйлчилгээний ажилчид мөн орчин нөхцөлийн талаар дагаж мөрддөг стандарттай танилцсанаар судлах боломжоо ханган бүрдүүлдэг.

Энд сургалтын хэд хэдэн шатлал, ангиллын хүрээнд зохион байгуулдаг ба судалгааг эхлүүлэхээс өмнө нарийн туршлагатай, бичсэн зохиолын дагуух дүрийг бүтээж чадах эсвэл бодит дүрээр амьдарч буй нууц худалдан авагчийг бэлтгэх ба  дараах сургалтыг орох юм.


Нууц худалдан авагчийг бэлтгэх сургалт:

  1. Нууц худалдан авалтын судалгааны зорилго, зорилтыг тайлбарлах – Нууц худалдан авалтын судалгаа нь бүхэлдээ хэрэглэгч ямар туршлагыг аваад гарч байгааг, ямар үйлчилгээ, мэдрэмжийг авч байгааг нарийвчлан тодорхойлох зорилготой байдаг. Үүний тулд бодит хэрэглэгчийн дүрээр судалгааг авах ба гарах үр дүн нь тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг шатлал бүрд сайжруулах, хэрэглэгч илүү өөрийн хэрэгцээнд таарсан тухтай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм.

Жишээ нь тансаг зэрэглэлийн орон сууцны борлуулалтын ажилчдын харилцаа, мэдлэг ур чадвар, стандартынхаа дагуу ажиллаж чадаж байгаа эсэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн танилцуулж байгаа, хэрэглэгчид ямар үйлчилгээ авч байгаа, хэрхэн сайжруулах шаардлагатай зэргийг тодорхойлох

  1. Судлах гэж буй салбарын талаар мэдээлэл хүргэх – Бизнес, салбарын онцлог болон нууц худалдан авалтын зорилгоос хамааран тодорхой хэмжээнд ялгаа байдаг. Энд хэрэглэгчийн дүрээр орж байгаа нууц худалдан авагч нь үнэлгээг үнэн, бүрэн гүйцэт болоод бодитоор үнэлэхийн тулд тухайн салбарын онцлог зэргийг нарийвчлан ойлгуулдаг.

Жишээ нь энгийн болон тансаг зэрэглэлийн үйлчилгээ болон тэдгээрийн хэрэглэгч ямар байдаг, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх ойлголт, өрсөлдөгч байгууллага, тэдгээрийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэлтэй байх ба мөн түүнчлэн бичсэн зохиолоос хамааран мэдлэггүй иргэний дүрийг бүтээж болно.

  1. Сонирхож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар мэдээлэлтэй байх – урьдчилан үйлчилгээний стандарт, веб хуудас болон танилцуулах материал зэрэгтэй танилцаж, нууц худалдан авалт хийх явцдаа ямар асуултуудыг асуух, ажилтныг хэрхэн шалгах, ямар мэдээлэл өгөх болон авах талаар тодорхойлох.
  2. Үнэлэх арга аргачлал, зааварчилгааг хүргэх – асуулт, үнэлгээний үзүүлэлт бүрийг хэрхэн үнэлэх, ямар тохиолдолд оноо хасаж тавих, яагаад уг оноог өгөх болсон шалтгаан зэргийг нарийвчлан тайлбарлах
  3. Үнэлгээг хийхдээ ямар дүр бүтээх шаардлагатайг танилцуулах – Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний зорилтот сегментийн персонаг бүрдүүлэх шаардлагатай. Мөн тухайн үйлчилгээний ажилтан тодорхой асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодорхойлох үүднээс онцгой нөхцөл байдал үүсгэж болно.

Жишээ нь хуулийн үйлчилгээ авахын тулд хиймлээр асуудал үүсгэн агуулгын хүрээнд санал хэлэлцэх, тансаг зэрэглэлийн орон сууц сонирхож байгаа учраас том оврын жийп машин унасан, брэндийн дэгжин хувцаслалттай байх, үйлчилгээний ажилтны ур чадварыг үнэлэх үүднээс их зантай, ууртай зан чанарыг агуулсан дүр төрхийг бүтээх г.м.

  1. Судалгааг гүйцэтгэх явцад мөрдөх зарчмууд – судалгааг хийх явцад нууц худалдан авагч гэдгээ мэдэгдэлгүй өгсөн үүрэг даалгаврын хүрээнд судалгаагаа явуулах юм.

Энд бид нууц худалдан авалтын албан ёсны холбоо болох MSPA-AP (Mystery Shopper Providers Association – Asia Pacific) гишүүн бөгөөд олон улсын арга аргачлалын дагуу нууц худалдан авагч нарыг бэлтгэдэг. Нууц худалдан авагчид нь үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс ШУДАРГА, ЁС ЗҮЙТЭЙ, НУУЦЛАЛЫГ ХАДГАЛАХ гэсэн зарчмуудыг дагаж мөрдөхөөс гадна хэд хэдэн ёс зүйг мөрддөг. Үүнд:

  1. Нууц худалдан авалт хийж болох салбарын үйлчилгээг сайжруулах, давуу талыг сурталчлах зорилгыг ханган ажиллана;
  2. Нууц худалдан авалтын үйлчилгээг шударга, ёс зүйтэй явуулах;
  3. Нууц худалдан авалтыг MSPA холбооноос болон тэдгээрийн гишүүдийн гаргасан дүрэм журмын дагуу хийж гүйцэтгэх;
  4. Нууц худалдан авалтад итгэлийг төрүүлэх.
  5. Харилцагчаа хүндлэн ажиллана.

Олон улсын түвшинд энэхүү судлаач нь бие даасан ажил мэргэжил болон хөгжсөн бөгөөд эдгээр судлаачдыг тусгай сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсрол олгох зорилготойгоор бэлтгэж, тусгай шалгалт, тестийг авч тэнцсэн судлаачдад сертификат олгох замаар хүлээн зөвшөөрөн ажиллуулдаг билээ.

Байгууллагын санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний зорилтот хэрэглэгчийн дүрийг бүтээж, тэдний авч буй хэрэглэгчийн туршлагыг мэргэжлийн түвшинд стандарттай харьцуулан үнэлснээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн сайжруулж болох талаарх бодит үр дүнг гаргана.

 

SICA LLC – ТАНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛНӨ

Leave a Reply

Your email address will not be published.