Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хэрэглэгчийн үнэлгээ

Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдлыг тодорхойлох зорилго бүхий хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг “Эс Ай Си Эй” ХХК–ийн судалгааны баг хийж гүйцэтгэн үр дүнгийн тайланг боловсруулаад байна.

Цагдаагийн байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэд, байгууллагад үзүүлдэг үйлчилгээ, үйл ажиллагааны ил тод байдал, хүртээмжийг үнэлэх хэрэглэгчийн судалгаанд Улаанбаатар хот, Ховд, Өвөрхангай, Хэнтий аймгаас сонгогдсон нийт 519 хүн хамрагдаж, 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд үргэлжиллээ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр 11 дэд үзүүлэлт, албан хаагчийн чиглэлээр 7 дэд үзүүлэлт нийт 18 дэд үзүүлэлт тус бүр дээр хэрэглэгчдээр үнэлгээ хийлгэж, ач холбогдолтой үзүүлэлтийн хувийн жингээр жигнэж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн индексийг тооцоолсон бөгөөд иргэд цагдаагийн байгууллагад САЙН гэсэн үнэлгээ өглөө.