ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН ӨРХИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА

Манай компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цаг үеийн сэдвүүдийг хөндсөн судалгааг хийн, үр дүнг олон нийтэд нээлттэй танилцуулж ирсэн билээ. Бид энэ удаад “КОВИД–19” цар тахлын үеийн хөл хорионы өндөржүүлсэн бэлэн байдалд улс орон даяараа шилжсэн үед өрхүүдийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилготой судалгааг гүйцэтгэн, үр дүнг нээлттэй танилцуулж байна.

Судалгаагаар өрхүүдийн одоогийн нөхцөл байдал, хөл хорионы үед өрхүүдийн аж амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт, хөл хорионы үед улсаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны санаа бодол зэргийг тодорхойлсон. Судалгаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 401 өрхийн төлөөллийг хамруулсан бөгөөд СATI (утсаар мэдээлэл цуглуулах арга) аргыг ашиглан  мэдээлэл цуглуулалтыг 12 сарын 05-аас 09-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

Судалгааны гол үр дүнг нэтгэн, дүгнэж үзвэл:

  • Ажил хөдөлмөр эрхэлж буй гишүүдийн тал хувь нь ажил хөдөлмөрөө хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдалд орсон байгаа нь өрхийн орлого тасалдах нөхцөл байдалд орсон байна. COVID-19 цар тахал гарахаас өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад өрхийн дундаж орлого 529.0 мянган төгрөг буюу даруй 40.0 хувиар буурсан үр дүн гарчээ.
  • Хөл хорионы үед гэр хорооллын өрхийн орлогын түвшин орон сууцны өрхүүдээс 400 000 гаруй төгрөгөөр бага байгаа нь гэр хорооллын өрхүүд илүү хүнд нөхцөлд байгааг харуулж байна.
  • Өрхийн орлого тасалдаж буй нөхцөл байдалтай уялдан хүнсний болон бусад хэрэглээг хангах байдалд мөн тодорхой хэмжээний асуудал үүсэж байна. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 10 гаруй хувь нь хүнсний наад захын бүтээгдэхүүний хомсдолд орсон байна.
  • Түүнчлэн 5 өрх тутмын 1 нь өмнө хадгалсан хадгаламжаа авч ашиглаж байна. Мөн өрхийн 60 хувь нь ямар нэгэн зээлтэй байгаагаас 13.8 хувь нь зээлээ төлж чадахгүй, зээлийн хугацаа хэтрэлттэй нөхцөл байдалд орсон байна.
  • Хөл хорионы үеэр аав, ээжүүд кино үзэх, гэрээ тохижуулахад их цаг зарцуулж байгаа бол хүүхдүүд хичээл болон кино үзэхэд илүү цагийг зарцуулж байна.
  • Улаанбаатар хотын айл өрхийн хувьд энэ цаг хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг олонх нь дэмжиж байлаа. Цаашид хөл хориог иргэдийн 48.0 хувь нь сунгах хэрэгтэй гэж үзсэн бол 40.0 хувь нь шаардлагагүй гэж үзжээ. Өрхүүд цаашид ард иргэдэд мөнгөн тусламж бодитойгоор үзүүлэх, хөл хориог сулруулж уян хатан болгох талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Энэхүү судалгааны үр дүн нь шийдвэр гаргагчдын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулна гэж итгэж байна.

Эрхэм та судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл манай компанийн хөгжүүлж буй www.data.mn цахим хуудас руу зочлон, үнэгүй татан авна уу.

Мөн та бүхэн судалгаатай холбоотой санал хүсэлтээ www.information@sica.mn хаяг руу илгээнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй