Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн Барометрийн судалгаа – 2021

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй “ ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захиалгаар “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалт хийх, мэдээллийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний ажлыг 6 дахь жилдээ амжилттай гүйцэтгэв.

Судалгааны зорилго нь ирэх онд хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний мэдээллийг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байршил мэргэжлийн чиглэлээр гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, боловсрол сургалтын байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангахад оршино.

Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалтын бэлтгэлийг хангах, мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх ажлыг 2021 оны 07 дугаар сарын 05–ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30–ны өдрийн хооронд гүйцэтгэв.

Түүврийн нийт хэмжээ нь 3244 аж ахуйн нэгж, байгууллага (Улаанбаатар хот–2192, орон нутаг–1052) байх бөгөөд үр дүнг тооцох домэйн нь эдийн засгийн үйл ажиллагааны салбар, бүс байлаа. Судалгаанд 150 болон түүнээс дээш ажиллагчидтай болон ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулсан бөгөөд захиалагч байгууллагаас ирүүлсэн түүвэр, түүний ангиллыг баримтлан ажиллаа.

Үнэт цагаа гаргаж, судалгаанд идэвхтэй оролцсон нийт байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бүхний өгсөн мэдээллийг зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор ашигласан бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн бодлогыг боловсруулах суурь мэдээлэл болсон болно.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй