“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь – 2” төслийн суурь судалгаа

“Эс Ай Си Эй” ХХК нь Хүүхдийг ивээх сангийн захиалгаар “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь – 2” төслийн суурь судалгааг амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү суурь судалгааны гол зорилго нь тэгш хамруулах боловсролтой холбоотой хэрэгжиж буй төслийн зорилтот төрийн өмчит сургууль болон төслөөс үр шим хүртэгсдийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, тухайн төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийхэд суурь мэдээлэл болохуйц мэдээллийг шалгуур үзүүлэлтийн дагуу цуглуулахад оршсон.

Судалгааг тоон, чанарын болон баримт бичгийн шинжилгээний аргуудыг ашиглан гүйцэтгэсэн бөгөөд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймгуудаас төсөлд хамрагдаж буй 8 ЕБС-ийн захирал, сургалтын менежер, багш нар, сурагчид, эцэх эх, түүнчлэн БШУЯ, БСУГ, БМДИ-ийн төлөөллийг хамруулсан.

Үндсэн зорилгын хүрээнд төслийн зорилтот сургууль, багш, эцэг эхчүүд нь тусгай хэрэгцээтэй хүүхдийг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа эсэх, тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголт мэдлэгийг үнэлэх, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, энэ хүрээн дэх бодлого, дүрэм журамд дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудыг бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр боловсруулсан.

Уг судалгаа нь бага ангиас дунд ангид дэвшин суралцахад орхигдон үлддэг тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, тэднийг тасралтгүй суралцах үйл явцад дэмжлэг болоход шаардлагатай суурь мэдээллийг боловсруулсан ач холбогдолтой судалгаа байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй