Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ

Хог хаягдлын хэмжээ, менежментийн асуудал нь улс орны хөгжлийн түвшинтэй нягт холбоотой байдаг бөгөөд манай улсын хувьд ялангуяа, Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжиж, үүнийг дагасан хүн амын өсөлтөөс хог хаягдлын хэмжээ ихэссэнээр халдварт өвчин тархах нөхцөл, байгаль орчны бохирдол, доройтол нэмэгдэж байгаагаас иргэдийн амьдрах орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах боллоо. Тиймээс хог хаягдлын менежментийн асуудлыг чухалчлан авч үзэх нь зүйтэй юм.

Манай компани нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон АЖЕД ХХК, Ecosphere ХХК-уудтай хамтран 2015 онд явагдах хог хаягдлын улсын тооллогын албан ёсны маягт боловсруулах, гарын авлага боловсруулах ажлыг хийлээ.

Хог хаягдлын улсын тооллогын зорилго нь хог хаягдлыг эх үүсвэр тус бүрээр нь ялгаж, хог хаягдлын байршил, нэр төрөл, шинж чанар, тоо хэмжээг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр хог хаягдлын хэмжээг бууруулах, түүнийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй аргаар зайлуулах, хог хаягдлаас үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх арга хэлбэрийг тогтоож, нэгдсэн бодлого, менежментийн зохистой бүтцийг бий болгох, хог хаягдлын улсын бүртгэл хөтлөх суурь мэдээллийг бүрдүүлэх явдал юм.