Бид Монголын Мянганы Сорилтын Сангийн захиалгаар ерөнхий боловсролын сургуулийн багш (ЕБС) нарын халдварт бус өвчний (ХБӨ) талаарх мэдлэг, дадал, хандлагыг тодорхойлох судалгааг хийлээ. Судалгааны гол зорилго нь ЕБС-д нийгмийн эрүүл мэндийн хичээл явуулдаг багш нарын ХБӨ-ийн талаарх мэдлэг, хандлага, дадал (МДХ)-ыг үнэлэн, тэдний МДХ-ыг цаашид нэмэгдүүлэх зөвлөмж, санал боловсруулах тулгамдсан асуудлын талаарх санал, бодлыг судлах байсан. Судалгааны хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн болон 18 аймаг, 25 сумдын ЕБС-ын багш нарыг анкетын судалгаанд хамруулж, хотын бүсэд 5, аймгийн төвүүдэд 3, сумдад 2 бүлгийн ярилцлага (FGD) хийсэн.
Халдварт бус өвчнийг бууруулах үндсэн нөхцөл нь хүмүүсийн ХБӨ-ний талаарх мэдлэг байх бөгөөд энэхүү мэдлэгийг ЕБС-ийн орчинд олж авах нь маш чухал юм. Бидний хийж буй ажил нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа ХБӨ-ийг бууруулахад бодитой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.