Сайжруулсан зуух түгээлтийн онлайн бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ

Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл, тооллого хийх ажлын 3 дугаар үе шатны ажлын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 05 дугаар 20-ны өдрүүдийн хооронд нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэгдсэн сайжруулсан зуухны бүртгэл, хяналтын ажлыг хийж гүйцэтгэлээ.Сайжруулсан зуухны бүртгэлийг 3G системийг дэмждэг Жи-Мобайл компанийн 3.99 интернетийн үйлчилгээг ашиглан ухаалаг утсаар “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-д бүртгэв.

Дэлхийн банк Улаанбаатар Цэвэр агаар төслийн санхүүжилтээр сайжруулсан зуух нийлүүлэгч 5 компанийн 8 төрлийн нийт 11,106 сайжруулсан зуух нийлүүлэгдсэнийг мэдээллийн санд бүртгэсэн. Зуухны нийлүүлэлтийг дүүргээр авч үзвэл Баянгол дүүрэг 5%, Баянзүрх дүүрэг 19%, Сонгинохайрхан дүүрэг 28%, Сүхбаатар дүүрэг 10%, Хан-Уул дүүрэг 7%, Чингэлтэй дүүрэг 16%, Налайх дүүрэг 15%-ийг тус тус эзэлж байна. 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс Налайх дүүрэгт сайжруулсан зуух нийлүүлэлт, түгээлтийн үйл ажиллагаа нэмэлтээр хийгдсэн бөгөөд нийт зуух нийлүүлэлтийн 15%-ийг тус дүүрэг эзэлж байгаа юм. Энэ нь сайжруулсан зуухны эрэлт хотын захын дүүргүүдэд ч мөн байгааг илтгэж байна. Иймд ирэх жилүүдэд захын дүүргүүдэд тус зуухны захиалга авч, нийлүүлэлт хийх нь мөн чухал юм.

Зуухны мэдээллийг онлайнаар бүртгэхээс гадна өрхийн GPS байршлыг тогтоох, сайжруулсан зуухны эх биеийн зураг, сериал дугаарын зураг, яндангийн зураг, өрхийн сууцны зураг зэргийг авч фото зургаар баталгаажуулах ажлууд мөн хийгдсэн.

Манай компани нь ухаалаг утас ашиглан онлайнаар судалгааг авах, фото зургаар баримтжуулах, байршил тогтоох зэргийг нэгэн зэрэг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байгаагийн илрэл юм.

Ийнхүү захиалагч Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, санхүүжүүлэгч Цэвэр агаар сан, тус судалгаанд нягт хамтран ажилласан Улаанбаатар цэвэр агаар төсөл, Хас банк, зуух нийлүүлэгч компаниудад талархсанаа илэрхийлье.