ОРХОНЫ ХҮРХРЭЭ–ХҮЙСИЙН 8 НУУР–ТӨВХӨН ХИЙДИЙН АЯЛАЛ

Манай компани нь налгар зуны сайхан улиралд Монголын үзэсгэлэнт байгалиараа аялдаг уламжлалтай билээ. SICA–ийн залуус зуныхаа адал явдалт аялалыг жил бүр сэтгэл догдлон хүлээдэг юм.

Энэ зун бид Өвөрхангай аймгийг зорьсон бөгөөд 08 дугаар сарын 05–ны өдрөөс 08–ны өдрүүдэд ажлын их алжаалаа тайлан Орхоны хүрхрээ–Хүйсийн 8 нуур– Төвхөн хийдийн аялалын маршрутын дагуу 2 шөнө, 3 өдрийн аялал хийлээ.

Орхоны хүрхрээ

Улаанбаатар хотоос 08 сарын 05–ны өглөө 6 цагт хөдлөснөөр аялал маань эхэллээ. Аялалын замдаа Хангай, Говийн хослол Элсэн тасархай дээр түр саатан өглөөний цайгаа уун, залуучууд маань нутгийн багачуултай волейбол тоглон түр хөгжилдөөд авав. Өглөөний цайгаа сайтар ууж авсаны дараа Хужирт сум руу Болдмаагийнхаа өвөө, эмээгийнх рүү хөдөллөө. Замын аялалынхаа турш залуус маань машиндаа дууны тэмцээн зохиож бас ч үгүй өрсөлдөн нилээд эрч хүчтэй явцгаасан шүү. Ийнхүү өдрийн хоолыг Болдмаагийнхаа өвөө, эмээгийнхээс зооглон, айраг ууж, 5 гар сууж тоглон 2 цаг гаран тухлаад авсан юм. Энэ дашрамд Болдоогийнхоо 2 сайхан буурай, өвөө, эмээд маш их баярласанаа илэрхийлье. Үдээс хойшийн аялал үргэлжилж Хужирт сумаас 30 орчим км яваад ханан хад бүхий хавцал болох Үүртийн тохойд түр зогсон залуус маань зургаа татуулан, тус хавцалын түүх, домогтой танилцсан. Дараагийн зогсоол, бидний эхний өдрийн хоноглох газар буюу аялалын маань чухал хэсгийн нэг болох Орхоны хүрхрээд 19:00 цагийн үед ирлээ. Шууд л хүрхрээтэйгээ танилцан, ойр орчмоор нь хэсэг аялан, залуус маань ёстой нэг дураараа дургих нь тэр…

Хүрхрээтэйгээ сайтар танилцсаны дараа уулын өвөр бараадан майханаа барих, оройн хоол ундаа хийх гээд оройны ажил ид ундарсан юм.

Жолооч ах маань уулын бэл бараадан хоноглох газрыг маань төвөггүйхэн сонгож өгснөөр эрэгтэйчүүд майханаа барин, эмэгтэйчүүд оройн зоогоо бэлтгэх ажилд ханцуй шамлан оров. Ийнхүү оройн ажил дундарч, галын наадамдаа бэлтгэв. Эхний өдрийн аялал маань галын наадмаа хийснээр өндөрлөж, залуус маань дуг нойрондоо дугжираваа…

Хүйсийн найман нуур

Аялалын 2 дох өдөр залуус маань эхний өдрийн аялалдаа ядарсан шинж ер байхгүй, эрч хүчээр дүүрэн сэрсэн шүү. Ийнхүү бид “Найман нуур”–ын сонирхолтой, адал явдалт, морин аялалдаа гарсан. Нийт 100 орчим км морин аялал хийхэд залуус маань бэлтгэн түрийтэй гутал, дээл, куртка гээд дулаан хувцсаа базаахын сацуугаар замын ус, ундаа, боорцог, талхаа үүргэвчиндээ хувааж үүрээд хөдөлсөн юм. Зарим залуус маань анх удаа морь унаж үзэж байгаа гэхэд Монгол хүн болохоор ч тэр үү, дажгүй сайхан сурамгай байсан шүү. Бид морин аялал хийн, Монгол орныхоо онгон, дагшин байгалиар бахархсаар, нууруудтайгаа танилцсаар 2 дох өдрийн аялал маань амрах ч завгүй, адал явдлаар дүүрэн өнгөрөв.

Дашрамд хэлэхэд, бидний морин аялалын ахлах хөтөчөөр 10 жил гадаад, дотоодын жуулчдад хөтөчөөр ажиллаж байгаа Мөөгий хэмээх нутгийн залуу ажиллаа. Мөөгий 1991 оных, тэгсэн мөртлөө яриа хөөрөө хэт хөгжсөн, ёстой л нутгийн мундаг залуу байсан даа. Мөөгий бас шүлэг зохионоо, бидэнд зохиосон шүлгээ хээв нэг уншаад л, маш их сэтгэл гарган үйлчилж байгаан бидний сэтгэлд их хүрсэн бөгөөд хэзээ ч мартахааргүй сэтгэгдэл үлдээж чадсан.

Төвхөн хийд

Аялалын сүүлийн өдөр буюу 08 сарын 07–ны өдөр Улаанбаатар буцах замдаа Монгол орны нэгэн энергийн төв болох Өндөр гэгээний “Бүтээлийн сүм” Төвхөн хийдэд мөргөл үйлдсэн юм. Төвхөн хийд рүү 4 км орчим явган алхаж хүрээд, хийдэд мөргөн, эхийн умай хаданд орж, өлгий хаданд өлгийдүүлэн дахин төрсөн мэт хийморио сэргээцгээв. Бид хийдээс буун, уруудах замдаа зүгээр буугаагүй бөгөөд замд тааралдсан хогоо нэг бүрчлэн түүн, ойр орчмын хог хаягдлыг сайтар цэвэрлэсэн юм. Замд тааралдах 3 сандлын нэг нь бараг л хогийн цэг болсон байсныг цэвэрлэн, хогийн саванд хийв.  Ийнхүү хийдтэйгээ танилцаж дууссанаар 2 шөнө, 3 өдрийн адал явдалт аялал маань шувтарч SICA–ийн залуус маань эрч хүчээр дүүрэн аялалаа өндөрлөсөн юм.

НИЙТ ХАМТ ОЛОНДОО МАРТАГДАШГҮЙ САЙХАН ДУРСАМЖИЙГ ҮРГЭЛЖ ХАМТДАА БҮТЭЭЖ, АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХЫГ ХҮСЬЕ.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй