МУ-ын яс боловсруулах үйлдвэрийн зах зээлийн судалгаа

Манай компани нь Томато ХХК-ийн захиалгаар Монгол улсын яс боловсруулах үйлдвэрийн зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Монгол улсын ясны зах зээлийн өнөөгийн байдал, зах зээлийн багтаамж, цаашдын чиг хандлага болон өрсөлдөгч зэргээр дэлгэрүүлэн судаллаа.

Ясны зах зээл нь хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуй, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад худалдаа, өрхийн хэрэглээ, зэрэг үзүүлэлтүүдэд хамаардаг. Тухайн зах зээлийн хамрагдах салбар, нийгэм эдийн засгийн макро үзүүлэлтийг судлах нь өөрийн бизнесийн нөөц боломж, цаашдын хөгжлийг таамаглах, зах зээлийг томд нь харах зэрэг боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой.

Монгол улсад яс цуглуулах, ясаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх зах зээл нь төдийлөн хөгжөөгүй салбар бөгөөд маш бага хэмжээний, нийт хаягдал ясны 10-15 хувь орчмыг дахин боловсруулж, түүгээр кальцын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, илүүдэл буюу эмийн найрлагад ордоггүй хэсгийг экспортолдог байна. Мал амьтны ясаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд түүхий эдийн нөөц нь харьцангуй тогтвортой байдаг. Гол асуудал нь нийт хаягдал ясны дийлэнх хувийг эзэлдэг өрхийн хэрэглээнээс гарч буй ясны цуглуулалтыг хэрхэн хийх асуудал манай улсын хувьд шийдэхэд төвөгтэй асуудал юм. Энэ нь иргэдийн хог ангилан хаях сэтгэхүй, нөхцөл боломж бүрдээгүй, хоёрдогч түүхий эдийн бүтээгдэхүүний ложистик, нэгжийн зардал өндөр байх зэрэгтэй холбоотой байх нь дамжиггүй. Иймд одоо үйл ажиллагаа явуулж буй хаягдал яс дахин боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд түүхий эдээ зөвхөн Хүчит шонхор, Хархорин зах болон зарим боловсруулах үйлдвэрүүдээс гэрээ байгуулан авч байлаа.