Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн суурь судалгаа

Судалгаа зөвлөх, үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Дэлхийн банкны зээлээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн суурь судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг төсөл нь үндсэн 4 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд үйл ажиллагаагаа хийж, 2025 он хүртэл хэрэгжих юм. Үндсэн бүрэлдэхүүнд дараах хэсгүүд багтана.

  1. Бүрэлдэхүүн хэсэг 1. Малын эрүүл мэндийн үйлчилгээ
  2. Бүрэлдэхүүн хэсэг 2: Өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлт
  3. Бүрэлдэхүүн хэсэг 3: Төслийн хэрэгжилтийг дэмжих
  4. Бүрэлдэхүүн хэсэг 4: Болзошгүй онцгой байдлын хариу арга хэмжээ

Энэхүү суурь судалгаанд 13 аймгийн 68 сумын 2,080 малчин өрх, 166 малын эмч, малчдын хоршоо, фермер, ченж буюу дундын зуучлагч нарын 86 төлөөлөл, Улаанбаатар хотын 350 малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд явуулж үр дүнг боловсруулсан юм.

Түүврийн хэмжээг тодорхойлохдоо түүврийн хүрээний ижил төстэй, нэгдмэл байдлыг хангахын тулд байгалийн бүсчлэлийг харгалзан үзсэн.

Тоон судалгааны мэдээллийг IBM SPSS 25 программ дээр боловсруулж, датаны логик уялдаа, статистик ач холбогдлыг тооцохдоо үзүүлэлтүүдийн тархалтыг байгуулах, Дескриптив стаститикуудыг тооцох, Огтлолцсон хүснэгт байгуулах, Корреляцийн коэффициентыг тооцож, ач холбогдлыг шалгах, Статистик ач холбогдлын шалгахдаа t, F, Хи-квадрат тестүүдийг хэрэглэсэн.

Чанарын мэдээлэл хариулт бүрээр задлан боловсруулж тоон судалгааны нэмэлт мэдээлэл, тодруулга, кэйс байдлаар тайланд оруулсан.

Судалгааны мэдээлэл цуглуулалтад орон нутагт 115 мэдээлэл цуглуулагч, 44 жолооч, Улаанбаатар хотод 7 судлаач ажилласан. Мэдээлэл цуглуулагчдыг сургах зорилгоор нийт 9 удаа онлайн сургалтыг өдөрт 6 цагийн турш ZOOM аппликэйшн ашиглан зохион байгуулав. COVID-19 цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас “Эс Ай Си Эй” ХХК-ийн мэдээлэл цуглуулалтын газар орон нутгийн иргэдийг цахимаар сургаж сум бүрд өрхийн судалгааг удирдаж явуулсан. Энэхүү үйл ажиллагаа нь байгууллагын мэдээлэл цуглуулалтын түүхэнд анх удаа томоохон түүвэртэй судалгааг орон нутгийн судлаач нарыг шинээр, цахимаар сургаж хийсэн явдал байв.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй