Залуучуудын судалгааг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Хөдөлмөрийн яам харъяа Хөдөлмөрийн судалгааны институт болон АНУ-ын РЭНД корпораци хамтран ажиллах гэрээний хүрээнд “Хөдөлмөрийн зах зээлд учирч буй саад бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах санал боловсруулах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд “Залуучуудын судалгаа” хийхээр төлөвлөсөн бөгөөд тус судалгааны мэдээлэл цуглуулалтыг “Эс Ай Си Эй” ХХК гүйцэтгэсэн.

Ийнхүү “Залуучуудын судалгаа”-ны мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын үйл ажиллагааг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.

“Залуучуудын судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтын үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын 6 дүүргийн 88 хорооны 89 кластер, 21 аймгийн 90 сумын 112 кластерийг хамарсан томоохон хэмжээний түүвэр судалгаа болсон.

Бид судалгааны ажлынхаа гол зорилгоо хэрэгжүүлж улсын хэмжээнд нийт 2613 өрхийн 4508 залуучуудаас судалгаа авч тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойллоо.

Монгол Улсын 15-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хүсэл сонирхол болон боловсрол эзэмших, ажил хайхад нь тэдэнд ямар боломж, сонголт, саад бэрхшээлүүд тулгарч байгааг тодорхойлсон Үндэсний хэмжээний судалгаа болсон юм.

Хамтран ажилласан АНУ-ын РЭНД корпораци, Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны институтийн хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.