ЖДҮ-ийн зардлын бүтцийн судалгааг 2 дахь жилдээ амжилттай гүйцэтгэлээ

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захиалгаар Монгол улсад бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох, түүнийг шийдэх арга замыг тодруулах зорилгоор “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зардлын бүтцийн судалгаа”-г жил бүр зохион байгуулдаг билээ.

Бид энэхүү судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийх, мэдээллийн сан үүсгэх ажлыг 2 дахь жилээ амжилттай хийж гүйцэтгэлээ. Тус судалгааны мэдээлэл цуглуулалт 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд үргэлжилсэн.

“Жижиг, дунд үйлдвэрлэлийн зардлын бүтцийн судалгаа”-нд бизнес регистрийн санд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас үйл ажиллагааны чиглэл, байршил, орлогын түвшинг харгалзан түүвэрлэсэн нийт 800 аж ахуй нэгж байгууллагыг хамруулсан.

Тус судалгаанд Улаанбаатар хотын 700, Дархан-Уул болон Орхон аймгуудын 100 аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулж, тэдгээрийн бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг нарийвчлан тодруулж судалгааны ажлынхаа гол зорилтод хүрч чадсан.

Хамтран ажилласан Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олон болон манай судалгаанд идэвхитэй хамрагдсан нийт аж ахуй нэгж байгууллагууддаа талархалаа илэрхийлэхийн ялдамд бид Та бүхэнтэй хамтран ажиллахад хэзээд бэлэн байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.