Боловсролын салбар дахь авлигын эрсдэлийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Азийн сан ОУБ–ын захиалгаар “Боловсролын салбар дахь авлигын эрсдэлийн судалгаа”–г хийж гүйцэтгэлээ.

Азийн сан нь засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх, соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа хүрээнд Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгааг 2006 оноос, Бизнесийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгааг 2012 оноос явуулж байгаа бол Эрүүл мэндийн үйлчилгээн дэх авлигын нөхцөл байдал судалгааг 2014 онд, Бизнесийн зарим салбар болон төрийн байгууллагын харилцаан дахь авлигын нөхцөл байдал судалгааг 2015 онд тус тус явуулаад байна.

Азийн сан ОУБ нь энэ удаад Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран ажиллаж байгаа бөгөөд Боловсролын салбар дахь авлигын нөхцөл байдлын судалгааг явууллаа. Судалгаагаар боловсролын салбар дахь ёс зүйн асуудлууд, авлигын төрөл хэлбэр, нөлөөлж буй шалтгаан нөхцөл, бусад хүчин зүйлүүдийн талаарх иргэд, салбарын багш, ажилтнууд, эксперт судлаачдын ойлголт, төсөөллийг тодорхойлоход чиглэсэн.

Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэж, тайлан бичихэд хамтран ажилласан ЭС АЙ СИ ЭЙ ХХК, асуулгыг боловсруулахад санал зөвлөмж өгч, арга зүйн дэмжлэг үзүүлсэн Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн боловсролын газарт талархал илэрхийлье. Авлигаас урьдчилсан сэргийлэх асуудлаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх, төр, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлэх авлигаас урьдчилан сэргийлэх ажилд энэхүү судалгаа хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.