Болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийв

“Эс Ай Си Эй” (SICA) ХХК нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх” зөвлөх үйлчилгээг 2021 оны 3-6 дугаар саруудад  хийж гүйцэтгэлээ.

Хөндлөнгийн үнэлгээ нь болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед авах үйл ажиллагаанд хяналт тавих замаар хариу арга хэмжээг сайжруулах, цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангахад шаардлагатай санал, зөвлөмжийг боловсруулах зорилгоор (i) суурь судалгаа, (ii) дунд шатны үнэлгээ болон (iii) эцсийн шатны үнэлгээг хийсэн болно.

  • Суурь судалгааг 2021 оны 3 дугаар сард зохион байгуулсан бөгөөд “Малчдад хүргэх тэжээлийн тусламж” төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай болон Өмнөговь аймгийн 5 аймгийн 599 малчин өрхийг судалгаанд хамруулан үр дүнг боловсруулсан.
  • Дунд шатны үнэлгээг 2021 оны 2-4 сард зохион байгуулж Улаанбаатар хотод тэжээл үйлдвэрлэж буй 5 үйлдвэр болох “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” үйлдвэр, “Баялаг фийд” ХХК, “Гурван Уул трейд” ХХК, “Ийст вест трейд” ХХК болон “ЧМТО” ХХК-д, орон нутгийн 5 аймаг 20 сумын тэжээлийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, хуваарилалтын үйл ажиллагаанд хяналт хийж, санал зөвлөмжийг хүргүүлсэн.
  • Эцсийн шатны үнэлгээг 2021 оны 5-6 сард хийж гүйцэтгэсэн бөгөөд суурь судалгаанд хамруулсан 599 малчин өрхөөс тоон судалгааг авч, “Малчдад хүргэх тэжээлийн тусламж” төслийг хэрэгжүүлж буй аймаг, сумын 15 мэргэжилтнийг ганцаарчилсан ярилцлагад хамруулан үр дүнг нэгтгэн тайлагнасан.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй