БЗД 20, 23 дугаар хороо, Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захиалгаар Улиастайн ам орчмын шинэ суурьшлын бүсийн суурь судалгааг хийж гүйцэтгэлээ.

Баянзүрх дүүргийн 20, 23-р хороо, Улиастайн ам орчмын 107.6 га, 15600 хүн амтай шинэ суурьшлын бүсийн нийгэм, эдийн засаг, зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэх нь судалгааны үндсэн зорилго оршино. Энэхүү зорилго нь нийслэлийн иргэдийг орон сууцжуулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төлөвлөлтийг уялдуулах, нийслэлийн орон сууцны нэгдсэн бодлого, зорилтот бүлэг, орон сууцны бүтээгдэхүүнүүдийг тодорхойлох, орон сууцны үнийг тогтворжуулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хэрэгцээнд тулгуурлан тодорхойлогдсон.

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлсэн “Улиастайн ам орчим дахь шинэ суурьшлын бүсийн зах зээлийн судалгаа”-ны ажлыг дараах онцлог, ач холбогдолтой хэмээн үзэж байна. Үүнд:

  • Нэгдүгээрт, Улиастай ам орчмын газрыг эргэлтэнд оруулан шинэ суурьшлын бүс бий болгоход судалгааны үндэслэлтэй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төлөвлөлт хийнэ.
  • Хоёрдугаарт, шаардлагатай мэдээллийг салбарын мэргэжилтнүүд (экспертүүд), иргэд, байгууллага зэрэг олон талт эх үүсвэрээс судлан тодорхойлсон нь өндөр ач холбогдолтой юм.

Ийнхүү улиастайн ам орчмын шинэ суурьшлын бүсийн хөгжлийн чиг хандлагын судалгаанд 60 эксперт, 454 иргэд, 50 аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд санал авч нийт 117 санал санаачлагад үндэслэн тодорхойллоо. Ингэхдээ салбарын экспертүүдийн саналыг шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд, иргэдийн саналыг орон сууц болон чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээний төрлүүдэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг хөрөнгө оруулалт хийх нөхцөл шаардлагын хүрээнд тус тус авч үзлээ.