Албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, төлөв байдлын судалгааг хийлээ

Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө, мянганы хөгжлийн зорилттой уялдуулан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг гарган хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын зорилго нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийг төрийн үйлчилгээгээр дамжуулан албан хэлбэрт шилжүүлэх, аливаа эрсдэлээс хамгаалах эрх зүй, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгож, улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино гэж заасан байдаг. Үүнтэй холбоотой албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан салбарт шилжүүлэх боломж болон албан бус хөдөлмөр эрхэлж буй иргэдийн төлөв байдал, хөдөлмөрийн харилцаа, ажлын байрны нөхцөл, эрхэлж буй үйл ажиллагааны байдал, ирээдүйн зорилго зэргийг судалж үзэх шаардлагатай юм.

Энэхүү судалгааны зорилго нь дээрх хүрээнд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн ажлын туршлага, хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал, нийгмийн баталгаа, ажлын байрны нөхцөл, тулгардаг бэрхшээл, ирээдүйн төлөвлөгөө зэргийг судлах зорилготой байсан.

Энэ удаагийн судалгаанд 2715 өрхийн 2950 албан бус хөдөлмөр эрхлэгч хамрагдсан ба эх олонлогт тархаан үзвэл нийт албан бус хөдөлмөр эрхлэгчийн тоо 174,5 мянга /174477/ болж байгаа юм. Нийт албан бус хөдөлмөр эрхлэгчийн 49.1 хувь нь эрэгтэй, 50.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 42.9 хувь нь Улаанбаатар хотод, 49.7 хувь нь аймгийн төвд, 7.4 хувь нь суманд ажиллаж байна. Судалгаанд хамрагдагчдын дундаж нас 39 байгаа ба энэ үзүүлэлт Улаанбаатарт 38, орон нутгийн хувьд 40 байгаа нь албан бус хөдөлмөр эрхлэгчид харьцангуй нас тогтсон хүмүүс байгааг илтгэж байна. Албан бус хөдөлмөр эрхлэгчийг эдийн засгийн салбараар авч үзвэл 44.4 хувь буюу 77,4 мянга нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, машин мотоциклын засвар үйлчилгээний салбарт, 17.2 хувь буюу 30,1 мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт, 15.7 хувь буюу 27,4 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 22.3 хувь нь буюу 39,7 мянга нь бусад салбарт албан бусаар хөдөлмөр эрхэлдэг байна. Албан бус хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөр эрхлэлтийн статусын байдлаар 77.5 хувь нь буюу 135,3 мянга нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол 13.4 хувь нь цалин хөлстэй ажилтан, 5.8 хувь нь ажил олгогч, 2.0 хувь нь өрхийн үйлдвэрлэлд цалин хөлсгүй оролцогч, 1.3 хувь буюу 0,7 мянга нь нөхөрлөл хоршооны гишүүд, үлдсэн 2.7 хувь буюу 1,6 мянга нь дээрх статуст хамааралгүй хөдөлмөр эрхлэгчид гэсэн тархалтыг үзүүлсэн.

Албан бус салбарт ажилласан хугацааны талаар сонирхож үзэхэд Монгол улсын албан бус хөдөлмөр эрхлэлт нь урт хугацааны түүхтэй, төлөвшсөн шинжтэй болсон байгаа нь тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл нийт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 20.0 хувь нь 1 жил хүртэл хугацаанд, 28.0 хувь нь 2-4 жил, 52.0 хувь нь 5-аас дээш жил албан бус хөдөлмөр эрхэлж байгаагаас харж болно.