Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл, тооллого – 2014 он

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны захиалгаар, Цэвэр агаар сангийн санхүүжилтээр “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл, тооллого”-ыг судалгаа, шинжилгээний “Эс Ай Си Эй” ХХК амжилттай зохион байгууллаа.

Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл, тооллогод Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын аж ахуйн нэгж байгууллага, өрхүүдийг нэлэнхүйд нь хамруулсан бөгөөд нарийн зохион байгуулалт, төлөвлөлт, өндөр хариуцлага шаардсан үйл ажиллагаа байлаа.

Тус бүртгэл, тооллогын мэдээлэл цуглуулалтыг ухаалаг утас ашиглан Жи мобайл ХХК-ийн 3G сүлжээнд онлайнаар явуулсан нь давуу талтай байсныг онцгойлон тэмдэглэж байна. Тооллогын үр дүнд вебд суурилсан, онлайн бүртгэлийн цогц мэдээллийн баазыг захиалагч байгууллагад хүлээлгэн өгч байгаа нь хамгийн чухал юм.

Бүртгэл, тооллогын үр дүнд үндэслэн Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн мэдээллийн бааз үүсгэх, агаарын бохирдлыг бууруулахад цаашид авч хэрэгжүүлэх богино болон дунд хугацааны бодлогыг боловсруулах боломжтой болно. Ялангуяа, өмнө нь төслийн шугамаар тараагдсан сайжруулсан зуухны хэрэглээг тодорхойлоход чухал үзүүлэлт болох учиртай. Түүнчлэн, сайжруулсан зуух, сайжруулсан түлшний хэрэглээний бодлого, хөтөлбөрийг боловсруулахад бүртгэл, тооллогын үр дүн чухал ач холбогдолтой юм.

Энэхүү ажил нь олон хүмүүсийн чин сэтгэл, хамтын хүчин чармайлтын үр дүнд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд идэвхи, санаачлагатай оролцсон бүх шатны ажилтнуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

УТААГҮЙ УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ…